Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж эхэллээ
Нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж, ажлын явцыг эрчимжүүлэх, өвлийн улирлыг аливаа хүндрэл бэрхшээлгүй өнгөрүүлэх зорилготой хянан зөвлөх ажил өнөөдрөөс эхэллээ.
Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч 17 байгууллага хамрагдана.
“Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-т Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц. Мягмараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандартын шаардлагын хүрээнд уг шалгалтыг явуулан холбогдох үүрэг даалгавар, албан шаардлагыг хүргүүлж ажиллана. Мөн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийн гүйцэтгэлтэй танилцахаас гадна автобусны дулаан зогсоол стандартын дагуу байгаа эсэх, автобусыг зогсоолд байрлуулах шалны тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу байгаа эсэхэд хяналт тавина.
Хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй байдлын хангалт, гал унтраах багаж хэрэгслийн бүрдэлт, хадгалалт, хамгаалалтын байдлаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, эмчийн үзлэг, ХАБ-ын зааварчилгаа өгсөн эсэх гэх мэт 20 зүйлийг шалган, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх юм.